“Туулийн хаан” гэгдсэн “Жангар” туулийг язгуураар нь авч үлдэх, монгол туургатны дунд язгуур шинжээрээ хаана хаана үлдсэнийг тодруулах, олны хүртээл болгох зорилготой төсөл хэрэгжсэн байна.

Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Ардын аман зохиолын хөгжлийн явцад бий болсон яруу найргийн хамгийн том төрөл монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэн тунхагласан нь тууль, түүний өв санг хамгаалах сэргэн амилуулах шаардлагатайг сануулсан чухал үйл явдал болсон билээ.

Их туулиа хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд  хувь нэмэр болгон  хэрэгжүүлсэн “Тэнгэрийн их хөлгөд”  төслийн хүрээнд Соёлын өвийн Үндэсний төв, МҮОНТВ-ийн  “Өв соёл” нэвтрүүлгийн редакцийн хамт олон хамтран “Аргил цагаан өвгөн”, “Наран хөвүүн хаан”, “Зул алдар хаан” “Арван таван настай Алтан ноён галуу хүү” туулиудын тухай нэвтрүүлэг бэлдэж өргөн олноо хүргэсэн юм.

Улмаар дэлхийд нэр нь түгсэн “Илиада”,” Одиссей”, “Барсан хэвнэгт баатрууд”, “Манас” “Нартам”, “Калевада” зэрэг дэлхийн нэрт том туулиудтай эн зэрэгцүүлэн нэг эгнээнд цуг тавьж үздэг монгол туулийн нэгэн оргил-“Жангар” туулийг судлан үзэгч, судлаачдад таниулж, дэлгэрүүлэх зорилгоор 20 бүлэг, 40 анги нэвтрүүлэг бүтээснийг олон түмний хүртээл болгов. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхдээ: Халимаг улс, Шинжаан-Уйгарын  Өөртөө Засах орны өвлөн уламжлагч нартай хамтран, 10 мянга гаруй км газрыг туулан, гурван  орны 9 туульч “Жангар” туулийг  хайлжээ.

Тууль хайлах урлаг, хайлах эрдэм, арга барил нь үе үеийн, газар газрын туульчдын мэдлэг туршлагаас бүтэж цогцолсон баялаг урын сан гэдэг нь эндээс харагдана. Нөгөөтэйгүүр тууль хайлах уламжлалаа хадгалж үлдсэн дээрхи туульчид хэдэн мянган жилийн түүхтэй ховор нандин өв соёлыг хадгалж өвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Ийнхүү уг ажил “Туулийн хаан” гэгдсэн “Жангар” туулийг уг язгуураар нь авч үлдэх, монгол туургатны дунд язгуур шинжээрээ хаана хаана үлдсэнийг тодруулах, олны хүртээл болгоход чухал алхам болсон билээ.

 Олон газар, асар хол  явж, олон хүний зүтгэл хөдөлмөрөөр бүтсэн уг бүтээлийн хувийг Төрийн захиргааны дээд байгууллага-БСШУСЯам, болон  Соёлын өвийн Үндэсний төвийн УБМНСанд хүлээлгэн өгсөн байна.

28081316_1998134883770073_834782744_o.jpg