Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хийгдсэн судалгааны ажлын үр дүн "Соёлын өвийн эрсдэлийн атлас" хэвлэгдлээ.

“Соёлын өв” гэдэг нь аливаа хүмүүс, бүлэг, хамт олонд үеэс үед өвлөгдөн уламжлагдаж байгаа түүх, соёл, шинжлэх ухаан, гоо сайхны үнэ цэнэ бүхий үнэт зүйлс болон оюун санаа, үйл бүтээл, арга ухааны тодорхой илэрхийллийг хэлэх бөгөөд түүнийг уламжлагдаж ирсэн хэлбэрээр нь биет болон биет бус хэмээн ангилан авч үздэг [Олон улсын хөшөө, дурсгалт газрын зөвлөл (ICOMOS, 2002)]. 
 
Соёлын биет болон биет бус өв нь тухайн үндэстэн, угсаатны бүлгийн амьдралын өвөрмөц хэв маяг, ёс заншил, соёлын онцлог, уламжлалыг тодорхойлж хэвшүүлэн тогтооход онцгой үүрэг гүйцэтгэхийн хамт тухайн бүлэг, хамт олноос ялгарч тодрох нэг ёсны “бэлгэ тэмдэг” болох нь олонтаа байдаг. Иймээс дэлхий дахинд хичнээн хэл, соёлын өв хадгалагдан, уламжлагдан хөгжиж байна төдий чинээ олон угсаатны бүлэг, соёлын олон төрөл байдал оршин байж хүн төрөлхтний соёлын өв санг баяжуулж байдаг билээ. 
 
Байгалийн болоод нийгмийн хүчин зүйлийн улмаас соёлын өв эвдрэн доройтож, сүйрэн устаж, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед үндэстэн, угсаатны соёлын өв оршин тогтнох чадвар суларч, улмаар устаж үгүй болсоор байгааг эрдэмтэн судлаачид тэмдэглэсээр байна.  
 
Монгол Улс өөрийн нэгдэн орсон 1972 оны ЮНЕСКО-гийн “Байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” Конвенци, “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенцийн үзэл баримтлалын дагуу улс орныхоо нутаг дэвсгэрт оршин буй соёлын биет болон бус өвийг хадгалж хамгаалах талаар тодорхой үүрэг хүлээн ажиллаж байна.  
 
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад бүртгэл, баримтжуулалт, судалгаа, сэргээн засварлалт, ашиглалт зэрэг олон талт үйл ажиллагаа хамаарах бөгөөд сүүлийн жилүүдэд соёлын өвийн тогтвортой хамгааллыг бий болгохын тулд байгаль болон нийгмийн шинжлэх ухааны олон талт судалгааг хийх шаардлага урган гарч байна. 
 
Өнөөдөр монгол оронд соёлын өвийг түүх, археологи, угсаатны зүй талаас нь авч үзсэн судалгааны ажлууд нилээдгүй хийгдэж байна. Харин өвийн хадгалалт хамгаалалтын орчны судалгаа болон соёлын өвийг хамгаалах ажлыг бусад салбаруудтай уялдуулан төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх ажил “орхигдсон” гэж үзэж болохоор байна. Тухайлбал, ашигт малтмалын хайгуул ба ашиглалтын үйл ажиллагаа, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт, хотжилт, аялал жуулчлал зэрэг газар зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагаанд соёлын өвийг хэрхэн уялдуулах талаар холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа хомс байна.
 
Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 55 дугаар захирамжийн дагуу “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж буй энэ цаг үед БСШУСЯамны харъяа Соёлын өвийн төв нь “Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалтад нөлөөлж буй хүчин зүйлсийн газарзүйн зурагт лавлах” төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, соёлын өвд сөргөөр нөлөөлж буй байгаль, нийгмийн хүчин зүйлсийг олж тогтоон, соёлын өвийн эрсдлийн үнэлгээ бүхий суурь судалгааг хийсэн нь цаг үеэ олсон чухал ажил боллоо.
 
Энэхүү судалгаа нь Монгол улсын хэмжээнд ТСҮХД-ийн эрсдлийн үнэлгээг хийхдээ 1 пикселд 1км2 талбай ногдож байгаа улсын хэмжээний ерөнхий судалгаа суурь судалгаа болно. Цаашид ТСҮХД-ын эрсдлийн үнэлгээний судалгааг дурсгалын бүс нутаг, дурсгалын ангилал төрөл зүйл, материал зэргээр төрөлжүүлж, нарийвчилсан судалгааг хийх эрэлт хэрэгцээ шаардлага байна.
 
Энэхүү төслийн үр дүн болон хэвлэгдэж байгаа “Соёлын өвийн эрсдлийн атлас” бүтээл нь соёлын өвийг хамгаалах чиг үүрэг бүхий шат шатны байгууллага, албан тушаалтнуудад нутаг орныхоо соёлын өвийг хамгаалах менежементийн үйл ажиллагаанд нь дэмжлэг болохуйц бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.  Соёлын өвийн эрсдлийн судалгааны энэхүү төслийг амжилттай хийж гүйцэтгэхэд өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, үнэт цагаа харамгүй зориулсан төслийн зөвлөхүүд, багийн гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид болон албан байгууллагууд, түүн дотроос Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Ус цаг орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төв, төслийг санхүүжүүлэгч Швейцарийн хөгжлийн агентлагт гүнээ талархаж байна. 
 

Эндээс татаж авна уу?