СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өнгөрсөн онд улс орон даяар амжилттай зохион байгуулагдсан "Соёлын сэргэлт аян" энэ жил нийслэл Улаанбаатар хотоос эхэллээ. Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгтэй хамтран зохион байгуулсан "Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн"-д соёлын биет бус өвийн 7 ай савд багтах СХД-ийн 300 өвлөн уламжлагчид оролцлоо.

Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжиж уламжлагддаг эмзэг бөгөөд үнэт зүйл. Иймээс энэхүү нандин өвийг хамгаалах нэгдмэл зорилго, нийтлэг үнэт зүйлтэй хүмүүсийн харилцаа холбооны үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоотой тогтвортой байдлыг хангах явдал чухал байдаг.

Ялангуяа өвийн үнэт хэв шинжийг олон түмэнд ойлгуулж, үнэ цэнтэй болохыг тайлбарлаж мэдүүлэх нь иргэдэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах үзэл санааг төлөвшүүлж, улмаар өвлөн уламжлах сонирхлыг бий болгодог. Энэ бол соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хадгалж үлдээх томоохон хөшүүрэг юм.

Иймд соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг бүртгэлжүүлж, биет бус өвөө түгээн дэлгэрүүлэх, шавь сургалт явуулах боломжийг дэмжих, соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлогыг танилцууллаа. Энэхүү зөвлөгөөний үеэр СӨҮТ-ийн захирал Г.Энхбат СХД-ийн нутаг дэвсгэр дэх соёлын дурсгалт газрууд, тэдгээрийг хэрхэн соёлын аялал жуулчлалын эргэлтэнд оруулах талаар танилцууллаа.