СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ “ҮЛ ТАСРАХ ӨВ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Дүүргийн хэмжээнд 330 гаруй өвлөн уламжлагч байдаг нь бусад дүүрэгтэй харьцуулахад өндөрт тооцогдож байна.

 Үүнээс соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн, ирээдүй хойч үедээ өвлүүлж яваа батламжит 3 иргэн байдаг.

 Иймд “Уламжлалт өв соёл, зан заншлаа сурталчлан таниулах, биет болон биет бус өвийг илрүүлэх, өвлүүлэх, алдаршуулах, соёлын биет бус өвийг сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэх, өвийг хадгалж, хамгаалах, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор “Үл тасрах өв” зөвлөгөөнийг энэ сарын 23-ны өдөр Хүүхэд залуучуудын театрт зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг СХД-ийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Хүүхэд залуучуудын театр, Жаргалант тосгоны Соёлын ордон, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Ахмадын хороо, Боловсролын хэлтэс, дүүргийн 43 хороо хамтран зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнд Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет бус өв хариуцсан Бүртгэл, мэдээллийн санч Т.Оюунбат тус дүүрэг дэх Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын тоон мэдээллийг танилцуулсан юм.

“Үл тасрах өв” зөвлөгөөнд дүүргийн соёлын биет бус өвийн 7 ай савын төрлийн өвлөн уламжлагч 300 гаруй иргэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, албан хаагчид, хүүхдүүдийн төлөөлөл 1000 гаруй хүн хамрагджээ.