Дамдинсандүв
ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛГА
Богд хааны ордон музей 2-300(1361)
ТАЙЛБАР
Морин хоолойт буюу Дамдинсандүв бурхан догшин дүртэй, улаан лагшинтай, гурван тэргүүн, зургаан мутартай, найман өлмийгөөрөө найман лус гишгэн өнгийн дэлбээт бадам цэцгийн наран мандал дээр зогсоно. Ногоон, улаан, цагаан тэргүүн дээрээ гурван ногоон морины толгойтой. Баруун мутартаа очир, хадамгай, илд агуулж, зүүн дээд мутраараа занах мутарлага үйлдэн, жад, цалам барьсан байна. Тэргүүндээ хохимой толгой титэмтэй, зааны арьс мөрөн дээрээ тохож, хүний арьс хүзүүгээрээ зангидсан тэрээр тавин хүний нойтон толгойн эрих, могой, ясан чимэглэл зүүж, барын арьс бэлхүүсээрээ ороожээ. Түүний шар, ногоон өнгийн гэрлэн биеийг угалзарсан улаан гал хүрээлэн буй. Түүний дээр ловон Бадамжунай, зүүн талд Энэтхэгийн их бүтээлч Дилоба, баруунтаа нь их бүтээлч Нагбужодва нар үүлэн дунд заларна. Доод хэсгээр Жамсран, Сэндом бурхад дүрэлзсэн галын дунд наран мандал дээр заларч, шар луус хөлөгтэй Балданлхам бурхан үймцсэн хуй салхи татуулан хүний яс хөвсөн цусан далай гатлан явна. Ар дэвсгэрт гүн хөх тэнгэр, өндөр уул, усыг дүрсэлжээ.