Дамдинсандүв
ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛГА
Богд хааны ордон музей 2-81
ТАЙЛБАР
Дамдинсандүв бурхан маш догшин дүртэй, улаан лагшинтай, гурван тэргүүн, зургаан мутартай, найман өлмийгөөрөө найман лус гишгэн дүрэлзсэн галын дунд өнгийн дэлбээт бадам цэцгийн наран мандал дээр зогсоно. Үс нь дээш сэгсийн босож, гурван мэлмийгээ эргэлдүүлсэн нь уурсан хилэгнэсэн байдалтай. Ногоон, улаан, цагаан тэргүүний нь дээр гурван ногоон морины толгой буй. Баруун мутартаа очир, хадамгай, илд, зүүн дээд мутраараа занах мутарлага үйлдэн, жад, цалам барьжээ. Тэргүүнээ хохимой толгой титмээр чимж, зааны болон хүний арьс мөрөн дээрээ тохож, барын арьс бэлхүүсээрээ ороож, тавин хүний нойтон толгойн эрих, могой, ясан хүрд зүүжээ. Зургийн дээд төв хэсэгт улааны ёсыг үндэслэгч ловон Бадамжунай үүлэн дунд заларна. Дамдинсандүв улааны ёсны гол ядам бөгөөд сүүлд гэлүгва ёсны шүтээн болжээ. Түүний өмнө дор Жамсран, Таван хааны нэг арслан хөлөгт Прэнлэйжалбуу бурхан дүрэлзсэн галын дунд наран мандал дэвсгэр дээр заларч, ямаа хөлөглөсөн Дамжан бурхан үймцсэн хуй салхи татуулан сүмбэр уул, цусан далай гатлан явна. Ар дэвсгэрт гүн хөх тэнгэр, ногоон газрыг дүрсэлжээ.