Цогт oхин тэнгэр
ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛГА
Эрдэнэ зуу музей
ТАЙЛБАР
Арван догшин хангалын нэг Балданлхам шар халзан луус хөлөглөн улаан гал, хуй салхи татуулан сүмбэр уул, цусан далайг гатална. Тэрбээр хөх бараан лагшинтай, баруун мутартаа бэжон бэрээ, зүүндээ цустай гавал барьж, амандаа хүүр зуужээ. Чихэндээ арслан, могойн ээмэг зүүж, лагшнаа хар нөмрөг, барын арьсан хормогч асаан, могой бүсэлж, шулмасыг дарах эрээн мод зүүжээ. Дээш боссон үсэнд нь сар, хүйсэнд нь нар мандаж, тэргүүн дээр нь тогосны өдөн шүхэр байна. Хондлой дээрээ нүдтэй шар халзан луусаа хорт могойгоор хазаарлан, хүний арьсан тохом тавьж өвчний тулам, судар, хар, цагаан шоо, ороосон өнгийн утас ганзагалжээ. Түүний хоёр талд шадар нөхөр Чүсрэндонжан, Сэнгэдонжан дагалдана. Зургийн зүүн дээр Богд Зонхов хоёр шавийн хамт, баруунтаа Богд Жавзандамбын хувилгаан дүрүүд заларна. Зургийн зүүн доор үл мэдэг догшин дүртэй, өглөгийн эзэн Норжинлхам, баруун доор догшин улаан дүртэй Ралжигмаа бадарсан улаан галын дунд наран мандал дээр орших аж. Бүтээлийн дэвсгэр хэсэгт үзэсгэлэнт байгаль, ан амьтад, араатан жигүүртэн, тахил өргөлийг дүрсэлжээ.