Өргөлийн тахил
ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛГА
Дүрслэх урлагийн музей
ТАЙЛБАР
Өнгийн дагнаасан дугуй хүрээнд Бурхан багш, Манзшир, Эсура тэнгэр (Цамба), яст мэлхий хөлөглөсөн бурхан доош цувран оршино. Бүтээлийн дээд хэсгээр цагаан хадган унжлагатай, өнгийн даржин, жанцан чимэг, эрдэнэ болон улаан цагаан, ногоон хөх өнгийн баганын хажууд төрийн долоон эрдэнэ, эвт дөрвөн амьтныг дүрсэлжээ. Доорх сүмд бумба, эрдэнэ, шүр, мөнгөн ембүү, судар, тахилын зүйлс байрлуулан, сүмийн гадуурх хашааны оройгоор төрөл бүрийн хийморийн багана хатгажээ. Тахилын сүмийн хоёр талд арга билгийг төлөөлсөн тольт сум, бэрээ байна. Бүтээлийн баруун, зүүн талаар савдаг дэши буюу хийморийн дөрвөн тэнгэр болох далавчтай, могой бөгстэй мич, могой, гахай, бар нь өөрийн ижлээ унасан байдалтай орших бөгөөд тэдний дунд сэтэртэй морь, хонь байна. Айл өрх идээ ундаа, эд малаар арвин баян, эв найртай, хийморь сүлд нь бадарч, төрийнхөө ивээлд түвшин жаргалтай байхыг бэлгэдэн тэнгэр, бурхандаа өргөж буй өргөлийн тахилыг ийхүү бүтээн залдаг уламжлалтай.