Ах дүү есөн Далха
ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛГА
Богд хааны ордон музей
ТАЙЛБАР
Далха бурхан цагаан өнгийн лагшинтай, үл ялиг догшин дүртэй, нэг тэргүүн, хоёр мэлмий, хоёр мутартай. Лагшнаа баатрын хөө хуяг, дуулгатай, барсын арьсан саадаг хоромсого агсаж, цагаан морь унаж, баруун мутартаа хулсан ташуур барин, зүүнээрээ мориныхоо жолоо цулбуурыг атгажээ. Түүний хоёр талаар бусад найман Дайсан тэнгэрүүд газар, үүлэн дунд оршино. Ах дүү есөн Дайсан тэнгэрийн бие лагшин, өмссөн хувцас, суудал, мутрын барьц, унасан хөлөг бүгд ижил байна. Тэдгээрийн тэргүүн дээр харцага шувуу ниснэ. Зургийн дээр төв хэсэгт шашныг хамгаалагч арван хангалын нэгэн Очирваань бурхан бадам цэцгийн наран мандал дээр заларчээ. Бүтээлийн доод хэсэгт мич, бар, ирвэс, баавгай, чоно, тэмээ, морь, нохой, мал адгуус, хөгжмийн зэмсэг, баатрын хувцас, догшин бурхадын мутрын барьц тэргүүтнийг зурсан байна. Ар дэвсгэрт тэнгэрийн үүлийг ногоон, ягаан, цэнхэр өнгөөр дагнааслан зуржээ.