БАЯН-ӨЛГИЙ: "Шаг чаагай, шагаа чаагай" өв соёлын өдөрлөг зохион байгуулав

Цэнгэл сумын “Ариун сүүн гол” төрийн бус байгууллага, Соёлын төвтэй хамтран Цагаан сарын баярыг угтан "Шаг чаагай, шагаа чаагай" тува үндэстний өв соёлын өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Тува үндэстний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хүүхэд, залуучуудад өвлүүлэх зорилготой уг өдөрлөгийн үеэр тува ардын дуу, тууль хайлах тоглолт болон сур харваа, мөсөн шагайн харваа, сээр цохих, хорол зэрэг үндэсний тоглоом наадгайн уралдаан тэмцээнүүдийг явуулав. 

Мөн гар урлалын бүтээгдэхүүн, цагаан идээний үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулав.

"Тувачууд бид өнө эртний өв соёлтой ард түмэн. Чингисийн үеэс сур харваа, мөсөн сур харваа зэрэг өв соёл маань "Монголын нууц товчоо" болон бусад сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэхүү өв соёлоо хадгалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуучуудад өвлүүлэн үлдээх, олон нийтэд сурталчлахад "Шаг чаагай, шагаа чаагай" өдөрлөг чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа ба жилээс жилд өргөжиж байна.

Тува үндэстний өв соёлыг хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл шаардлагатай. Тийм учраас өв соёлын өдөрлөгөө цаашид жил бүр зохион байгуулж, улам хөгжүүлэхийг хүсэж байна" хэмээн өв соёлын өдөрлөгт оролцсон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн барга М.Адилбиш хэлэв. 

Ташрамд дурдахад, тува хэлний "Шаг чаагай, шагаа чаагай" гэдэг хэлц нь монголоор "Цаг хугацаа сайхан, Цагаан сар сайхан болтугай" гэсэн утгатай ерөөлийн үг бөгөөд хүмүүс Цагаан сарын баяраар хөөрөг зөрүүлэх үеэр бие биедээ хэлдэг байна.