Өмнөговь аймгийн Түмэн тэмээний баяр эхэллээ

Өмнөговь аймгийн Түмэн тэмээний баяр өнөөдөр эхэлж байна.

Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар өмнө нь Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа "Энэ жилийн тэмээний баяраар тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүн, тэмээний ноос түүний бүтээгдэхүүнээр хийсэн хувцас, тэмээтэй холбоотой урлаг, энтертайнмент арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тэмээний баярын арга хэмжээ нь 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын аялал жуулчлалын салбарын өвлийн эвент болж хөгжиж ирсэн.

Жил бүрийн гуравдугаар сарын 6, 7-нд Хөвсгөлийн мөсний баяр, Улаанбаатар хотод болдог бүргэдийн баяртай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ жилээс хугацааг нь наашлуулж, хоёрдугаар сарын 1- 3-нд зохион байгуулахаар төлөвлөсөн" хэмээх мэдээллийг өгч байв.

Түмэн тэмээний баярт оролцогчид, жуулчид тэмээ унах, тэмээтэй парадад жагсах зэргээр наадмыг зөвхөн үзэх биш өөрсдөө оролцож болох аж.

Уг баяр нь  тэмээний поло, тайлаг, тором гээд тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хосын тэмцээн, тэмээн парад, ингэний айргийн баяр, ингэний сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “мэндлэх хүндлэх ёс” хөөргөний үзэсгэлэн, Дундговь аймгийн “Өмнийн говийн өв соёл” үзэсгэлэн, тэмээний ноосон эдлэл, бүтээгдэхүүний загварын шоу гээд нийт 20 орчим хөтөлбөртэй юм байна.

Монгол Улс 2023 онд 473,900 толгой тэмээ тоолсноос гуравны нэг нь Өмнөговь аймгийнх.