Түрэгийн үеийн хүн чулуудыг сэргээн засварлах төслийн баг хуралдлаа
Өнөөгийн Монгол улсын нутгаас илэрч олдсон хүн чулуунд тухайн үеийн нүүдэлчдийн эдийн болон урлаг соёл, шашин шүтлэг, зан үйлийн эх сурвалж хадгалагддаг. Тухайн дурсгалууд нь ихэвчлэн байгальд ил задгай орших учир хадгалалт хамгаалалтын байдал муу, нөхцөл байдлын эрсдэлд орсон байдаг. Иймд шинжлэх ухааны ач холбогдол өндөр, Улс, аймгийн хамгаалалтад байх, сэргээн засварлагдах бүрэн боломжтой нэр бүхий хүн чулуудыг сонгон авч хадгалалт хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлалт хийхээр болжээ.
Өвөрхангай, Архангай, Төв аймгуудын нутаг дэвсгэрт орших эдгээр 10 хүн чулуудыг сэргээн засварлах зорилго бүхий “Монгол нутаг дахь Эртний Түрэгийн үеийн хүн чулуудын сэргээн засварлалт-2024” төслийн ажлыг Соёлын өвийн үндэсний төв Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагааны байгууллага болох ТИКА-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх гэж байна.
2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төслийн багийнхан болох СӨҮТ-ийн захирал, доктор Г.Энхбат, Авран хамгаалах, эрсдлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаа, Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргал, Туркийн Измирийн Катип Чэлэби Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор Шабан Доган, МУИС-ийн докторант Самэт Калёонжу нар тус үндэсний төвд хуралдаж, ажлын төлөвлөгөө боловсрууллаа.