“Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийн нээлт боллоо

Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Монголын Лимбэчдийн холбоо” ТББ хамтран “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийг 2019-2021 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн нээлт 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монголын Театрын Музейд боллоо.

Төслийн гол зорилго нь ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас 2011 онд бүртгүүлсэн “Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа” өвийг хамгаалахад Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв болон бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан хүчин чармайлтыг бэхжүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, өвлөн уламжлагчдыг алдаршуулан сурталчлах, залуу хойч үедээ өвлүүлж түгээн дэлгэрүүлэх замаар энэхүү өвийн тогтвортой оршин тогтнох байдлыг хангах явдал билээ.

Төслийн хүрээнд “Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа” өвийг өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулах хээрийн судалгааны ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн Улаанбаатар хот дахь Соёлын өвийн үндэсний төв, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн консерватори болон Ховд, Завхан, Өмнөговь аймгуудад лимбэний шавь сургалтын танхимуудыг байгуулах бөгөөд сургалтад ашиглах DVD бүхий гарын авлагыг боловсруулан гаргаж баруун, зүүн, төвийн бүсийн хэмжээнд шавь сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Дээрх үйл ажиллагаанаас гадна лимбэ урлалын уламжлалт арга ажиллагааг заан сургах, “Тогтвортой хөгжил ба Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгаа" эрдэм шинжилгээний хурал, уралдаан, наадам зохион байгуулах, "Монгол лимбэчдийн бүтээлийн дээжис” CD; лимбэчдийн намтар, танилцуулга бүхий ном бүтээх, энэхүү өвийн уламжлал, шавь сургалтын явцыг харуулсан баримтат кино бүтээх зэрэг үйл ажиллагааг төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр “Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа” өвийг өвлөн суралцагчийн тоо нэмэгдэж, өвийн цаашид оршин тогтнох чадвар бэхжих бөгөөд ЮНЕСКО-д бүртгэгдээд байгаа монголын энэхүү соёлын биет бус өвийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт нэмэгдэх бодит ач холбогдолтой юм.

8_1.JPG

 

8_2.JPG

 

 

web5.JPG

 

8_3.JPG

8_4.JPG

 

web05.JPG

 

DSC_0975 (1).JPG