2023 ОНЫ ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.
2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Долгорын Цэндсүрэн шалгарсныг Соёлын сайд 2024 оны 02 дугаар сарын 05-нд батламжиллаа.
Тэрээр олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” ТББ-ыг байгуулж уламжлалт буюу гар аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, гэрийн туглуур, олбог, оймс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн, худалдаа, уралдаанд 2006 оноос эдүгээг хүртэл идэвхтэй оролцож иржээ.
Соёлын биет бус өвийн “Уламжлалт гар урлал”-ын ай сав, түүний төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 2006-2023 онуудад 11 аймгийн 28 сумын 900 гаруй иргэнд гар аргаар эсгий хийх, ширмэл ширэх сургалтыг зохион байгуулсан байна.
Ташрамд дурдахад, тус журмын дагуу 2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо Дөмөн хэмээн алдаршсан уртын дуучин Д.Дулмаа, 2019 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж, 2020 онд Увс аймгийн Малчин сумын иргэн, Баяд бийч, ихэлч Ж.Хумбаа, 2021 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа, 2022 онд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөөмийч Д.Цэрэндаваа нар шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч, мөнгөн шагналаар шагнуулсан билээ.