МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР, СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХООЛ, ИДЭЭ УНДААНЫ УРАЛДААН, ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЭЖ СОНИРХЛОО
Монголын соёлын өв, уламжлалт хоол хүнсний баялаг өвийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсийн нэгэн чухал арга хэмжээ болох “Монгол үндэсний хоол, идээ ундаа”-ны улсын аварга тогооч шалгаруулах тэмцээн, идээ ундааны үзэсгэлэн хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж–Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд уламжлалт хоол хүнс, идээ ундаагаа олон нийтэд сурталчлах, тогоочдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд төрийн институциуд чухал ач холбогдол өгч байна.
2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын Ахлах зөвлөх С.Сайнбаяр тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж, энэхүү үйл ажиллагаанд оролцлоо.
Энэ үеэр монголын уламжлалт хоол, идээ ундааны соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход хоолны орц найрлагын технологийн карт бий болгох хэрэгцээ шаардлага үүсч буйг тодотгоод, уламжлалт хоол, идээ ундааны соёлоо олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нүүдэлчин” соёлын наадмын үеэр 1000 тогооч тогооны хорхог хийх уламжлалт аргаар хорхог хийж, “Геннисийн ном”-д бүртгүүлэх зэрэг үйл ажиллагааны талаар санал солилцов.
Хорхог нь хүн төрөлхтөн түүхий махыг болгож боловсруулж идсэн эрт цаг үеэс улбаатай монголчуудын төдийгүй дэлхийн хоол, идээ ундааны анхны төрөл гэдгийг Монгол улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Мастер тогооч, Монголын мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр онцолж байлаа.
Байгаль эх дэлхийгээ шүтэж, үр шимийг нь хүртэж аж төрдөг нүүдэлчин монголчуудын хувьд ус, өвс ургамал, нүүдлийн мал аж ахуй хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарал нь эрүүл, амин дэмтэй хүнс хэрэглэхийн эх булаг хэмээн үздэг ард түмэн билээ.











