МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ХООЛ, ИДЭЭ УНДААНЫ УЛСЫН АВАРГА ТОГООЧ ШАЛГАРУУЛАХ 2 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Монгол үндэстний уламжлалт хоол, идээ ундааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, залуу үед өвлүүлэн үлдээх зорилготой “Монгол үндэсний хоол, идээ ундаа”-ны улсын аварга тогооч шалгаруулах 2 дахь уралдаан 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор эхэллээ.
“Монголын мастер тогоочдын холбоо”, Соёлын өвийн үндэсний төв хамтран зохион байгуулж буй энэхүү уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 гаруй тогооч оролцож, үндэсний уламжлалт хоол, идээ ундааны төрөл зүйлээр ур чадвар, мэдлэг туршлагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний онцлог нь оролцогчид зөвхөн монгол үндэстний уламжлалт хоол, идээ ундааны төрлөөр өрсөлдөх бөгөөд бөгөөд үндэсний хоолны өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, сэргээн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болж байна. Мөн уламжлалт хоол, идээ ундааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буй бөгөөд иргэд, олон нийт монгол хоолны олон төрөл зүйл, бэлтгэх арга ухаан, уламжлалт идээ ундааны өвөрмөц онцлогтой танилцах боломжтой юм.
Уралдаан 2026 оны 06 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Соёлын өвийн үндэсний төвийн байранд үргэлжлэх бөгөөд үндэстний хоол хүнсний соёл, биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулах энэхүү үйл ажиллагаанд монгол үндэстний хоол, идээ ундааны өв уламжлалыг эрхэмлэн дээдэлдэг иргэд, олон нийт та бүхнийг хүрэлцэн ирж үзэсгэлэн худалдаа болон тэмцээнийг сонирхохыг урьж байна.











