ОРГАНИК МАТЕРИАЛЫН ӨВЧЛӨЛИЙН ШАЛТГААН, ХАДГАЛАЛТЫН ОРЧИН, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ҮНДЭС

“Органик материалын өвчлөлийн шалтгаан, хадгалалтын орчин, сэргээн засварлалтын үндэс” сэдэвт онол, дадлага хосолсон сургалт 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.
 
Соёлын өвийн үндэсний төвөөс баруун бүсийн аймгуудыг хамруулан зохион байгуулсан “Органик материалын өвчлөлийн шалтгаан, хадгалалтын орчин, сэргээн засварлалтын үндэс” сэдэвт онол, дадлага хосолсон сургалт амжилттай болж өндөрлөлөө.
 
Тус сургалтыг Завхан аймгийн музейтэй хамтран зохион байгуулсан бөгөөд Завхан аймгийн музейн мэргэжилтнүүд, сумдын соёл урлагийн газрын соёлын өвийн ажилтнууд, Ховд аймгийн музейн захирал болон мэргэжилтэн, Увс аймгийн музейн мэргэжилтнүүд зэрэг баруун бүсийн нийт 25 соёлын өвийн ажилтан хамрагдлаа.
 
Сургалтын хүрээнд даавуу, зөөлөн эдлэл, модон эдлэл, цаасан суурьтай үзмэрүүдэд түгээмэл тохиолддог гэмтэл, эрсдэлийн шалтгаан, Монгол орны нөхцөлд эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хадгалалт хамгаалалтыг зөв зохион байгуулах арга зүйд чиглэсэн онолын мэдлэг, практик дадлагыг олгосон үр дүнтэй сургалт боллоо.
 
Мөн “Соёлын өвийн дижитал боловсруулалт” сэдвийн хүрээнд орон нутгийн музейд хадгалагдаж буй үзмэрийг энгийн ухаалаг төхөөрөмж, программ ашиглан 3D хэлбэрээр баримтжуулах, дижитал бүртгэл үүсгэх, улмаар үзмэрийн хадгалалтын явцад гарч буй өөрчлөлт, хуучралтыг үүгээр дамжуулан хянах боломжтой орчин үеийн аргачлалуудыг танилцууллаа.
 
Энэхүү сургалт нь орон нутгийн соёлын өвийн ажилтнуудад олон улсын түвшний бүртгэл, баримтжуулалтын арга зүйг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэн, онцлог ач холбогдолтой сургалт боллоо.