“СОЁЛЫН ӨВД НӨЛӨӨЛӨХ ГАМШИГ ЭРСДЭЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилго, Соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн чиглэл, Биологийн олон янз байдлын тухай конвенц болон бусад баримт бичигт “Уламжлалт өв соёлыг хадгалан, уламжилж ирсэн мэдлэгт суурилан байгальтайгаа зэрэгцэн оршихуй” түгээмэл зорилтыг хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, соёлын өвийг хамгаалах асуудлууд нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй чухал сэдвүүдийн нэг болоод буй энэ цаг үед Соёлын өвийн үндэсний төв нь Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, UNESCO - UB Antenna Office, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-ийн ивээл дэх Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран “Соёлын өвд нөлөөлөлх гамшиг эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
 
Монгол Улсын хувьд байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан соёлын өвд үзүүлэх эрсдэл нэмэгдсээр байна.
 
Иймд энэхүү хэлэлцүүлэг нь соёлын өвд нөлөөлөх гамшиг, эрсдэлүүдийн мөн чанарыг тодорхойлж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга зам, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд уялдуулан тусгах зорилготой юм.
 
Хэлэлцүүлэгт МУИС, СУИС, ХААИС, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газрын хамгаалалтын захиргаа, Орхоны хөндий-Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.