ҮНДЭСНИЙ ТӨВ “БУРИАД ДУУНЫ ӨВ СОЁЛ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛЭЭР САН ХӨМРӨГӨӨ АРВИЖУУЛЛАА
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйрын харьяат залуу дуучин, хөгжмийн зохиолч, буриад ардын дууны судлаач, МУБИС-ийн Боловсрол судлалын ухааны докторант, Галзууд овгийн Долгион 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн сан хөмрөгт өөрийн судалгааны ажлын цахим хувилбарыг хүлээлгэн өглөө.
Түүний судалгааны бүтээлүүдэд “Буриад ардын дууны өөрчлөлт, хөгжил Буриадын өв соёл”, “Буриад ардын дууг өвлөн уламжлуулж буй байдал”, “Буриадын өв соёл” сэдэвт Дорнод аймгийн Баяндун сумын ардын авьяастнуудаас авсан 3 бүлэг сурвалжлага багтжээ.
Дээрх судалгааг МУИС-ийн дэд профессор, доктор И.Бямбабаатар удирдаж, зөвлөх судлаачаар С.Алтансувд нар ажилласан байна. Долгионы тухайд “Алтаргана-2024” Х олон улсын их наадмын Орчин үеийн Буриад дууны уралдаанд Хөгжмийн зохиолчийн хүрэл медаль, “Asian Folk·2025” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ардын дууны тэмцээнд 3-p байр эзэлж байжээ.



