МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫН СИСТЕМИЙГ БНСУ-ТАЙ ХАМТРАН БҮТЭЭНЭ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн соёлын төвийн ерөнхийлөгч Ким Сангүг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

Эрхэм ерөнхийлөгч Ким Сангүгийг тус Үндэсний төвийн захирал Г.Энхбат хүлээн авч уулзан, “Монгол Улсын соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг бүтээх, соёлын контент бүтээх чадавх бэхжүүлэх төсөл”-ийн талаар санал солилцов.

Энэхүү төслийн хүрээнд цахим архив хөгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, музейн үзмэр, эд өлгийн зүйлсээр дижитал үзэсгэлэн, контент хөгжүүлэх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөтөлбөр зэрэг ажлуудыг ССАЖЗЯ-ны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей болон Монголын Үндэсний номын санд төвлөрч хэрэгжүүлэх юм.