- МАНЗУШИРЫН ХИЙДИЙН ТУУРЬ, БУРХАДЫН ЗУРАГ -

Анхны Манзушир хувилгаан Наваанжамбалцанг залан ирж 1733 онд Богд хан уулын өвөрт Төвд хэлбэртэй анхны сүмийг барьж эхлэн 1747 онд дуусгажээ. Өдгөө Манзуширын хийдийн Хангал, Өрөнхан, Цогчин, Богдын Шар хүрээ, Өвгөн Лаврин, Эргэдэг Майдар, Сувраган сүм, Сэрүүн Лаврин, Мамба, Цанид, Бадам ёго, Жүд, Мангал зэрэг сум дуганы буйр, туурь л үлджээ.  Хийдийг орчин тойрны байгальтай нь хослуулан  уран сайхнаар зохицуулж байгуулсан байжээ. Сэрүүн лавринг сэргээн засварлан Төв аймгийн музейн салбар шашны музей болгожээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.